Монгол улс, УБ хот, Сарны титем экспо төв, 6 давхар, 606 тоот

ХОВД НИСЭХ БУУДАЛ ДЭЭР ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН КИОСК БАЙРЛУУЛЛАА

Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтайн бүсийн салбарын санхүүгийн дэмжлэгтэйгээр орон нутгаа сурталчлах, Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар байгаль, түүх, соёлын нөөцийг хадгалах, хойч үедээ сурталчлан таниулах, жуулчдын тоог нэмэгдүүлж аймгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн нисэх буудал дээр цахим мэдээллийн киокс, сурталчилгааны цахим самбаруудыг байрлууллаа.

Киоск байрлуулснаар иргэд мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах, аялал жуулчлалын зорих газруудын мэдээллийг авснаар сүүлийн үед хүчээ авч байгаа дотоодын аялал жуулчлал хөгжих боломжтой болож байгаа юм. Мөн дэлхий нийтийн асуудал болоод байгаа ногоон хөгжлийн үзэл баримтлал, байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа, иргэдэд экологийн боловсрол олгох зорилгыг давхар агуулж байна. Ховд аймаг нь Баруун бүсийн эдийн засгийн тулгуур төв төдийгүй хэвтээ болон босоо тэнхлэгийн авто замын уулзвар дээр оршиж, ОХУ, БНХАУ-тай хиллэдэг тул аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Мөн аймгийн нутаг дэвсгэр нь мөнх цаст уулс, мөсөн голууд, говь цөл бүхий байгалийн олон бүс бүслүүрүүд, өвөрмөц сонин тогтоцтой үзэсгэлэнт газрууд, түүх, соёлын өвүүд арвинтай төдийгүй нүүдэлчин ахуй, олон үндэстэн ястны соёл, тэдгээрийн байгальтайгаа зохицон амьдарч ирсэн уламжлалыг хадгалснаараа аялал жуулчлалыг хөгжүүлэх арвин их нөөцтэй юм.


Эх сурвалж: www.mne.mn