Монгол улс, УБ хот, Сарны титем экспо төв, 6 давхар, 606 тоот

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОХИРДОЛ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛ УЛС, БНСУ ХАМТРАН АЖИЛЛАНА...

Байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичигт Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд С.Оюун, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Ерөнхийлөгч Квон Хёг Ин нар өнөөдөр гарын үсэг зурав. Уул уурхайн үйлдвэрлэл явуулаад дараа нь нөхөн сэргээлт хийдэг стандартын хэрэгжилт сүүлийн жилүүдэд хангалттай бус байгааг БОНХ-ийн Сайд С.Оюун уулзалтын эхэнд онцлоод танай байгууллагатай хамтран ажиллах болсондоо талархаж байна. Үр дүн дагуулсан олон ажлыг хамтран хэрэгжүүлнэ гэж бодож байна гэв. БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Ерөнхийлөгч Квон Хёг Ин: “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг энэ жил Монгол улс эх орондоо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Монгол улс дэлхийн байгаль орчны өмнө томоохон үүрэг гүйцэтгэлээ. Энэ түүхэн үйл явдлын дараахан байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж байгаадаа баяртай байна. Бид Санамж бичиг-т тусгасан асуудлыг бодит ажил болгохын төлөө ажиллах болно гэлээ.

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОХИРДОЛ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМ БОЛОН БНСУ-ЫН УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН КОРПОРАЦИЙН ХООРОНД БАЙГУУЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон БНСУ-ын Мэдлэг, эдийн засгийн яамны харъяа Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци (агентлаг) (цаашид “Талууд” гэх)-ийн хооронд дараахи хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулав.

Энэхүү Санамж бичгийн зорилго нь Талуудын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хангах үүднээс Монгол орны ашигт малтмал, газрын тосны олборлолттой холбоотойгоор эвдрэлд орсон болон бохирдсон газрыг нөхөн сэргээх, бохирдлоос урьдчилан сэргийлэх талаар хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, технологи солилцох, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.

Энэхүү Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана.

Үүнд:
1. Байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлттэй холбоотой хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, стандарт, аргачлал боловсруулах;
2. Байгаль орчинд ээлтэй ашигт малтмалын олборлолт болон уул уурхайн үйл ажиллагаанаас үүсэх бохирдлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх технологитой холбоотой мэдээлэл харилцан солилцох, сургалт зохион байгуулах;
3. Ашигт малтмалын олборлолт, боловсруулалттай холбоотойгоор үүссэн байгаль орчны бохирдлыг судлах, бохирдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах;
4. Талуудын хэрэгцээ шаардлагад тулгуурлан харилцан тохиролцсоны үндсэн дээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх.

Энэхүү Санамж бичгээр тохиролцсон хамтын ажиллагааг хэрэгжүүлэхдээ Талууд харилцан зөвшилцөж, тохиролцсоны үндсэн дээр тусгайлсан хэлэлцээр байгуулж гүйцэтгэх ба шаардлагатай тохиолдолд хамтарсан ажлын хэсэг байгуулан хэрэгжүүлнэ.

Талууд энэхүү Санамж бичигт тусгагдсан ажлыг гүйцэтгэх явцад олж авсан бүхий л мэдээллийн нууцлалыг Санамж бичгийн хүчинтэй байх хугацаа болон харилцан тохиролцож гүйцэтгэсэн ажлын хэлцэл дууссанаас хойш 3 жилийн хугацаанд хадгална.

Санамж бичиг гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд 3 жилийн хугацаанд хүчинтэй байна. Талууд зөвхөн бичгээр зөвшилцсөний үндсэн дээр Санамж бичигт өөрчлөлт оруулж, хугацааг сунгаж болно.

Энэхүү Санамж бичгийг 2013 оны 6 сарын 7-ны өдөр Солонгос болон Монгол хэл дээр үйлдэв. Эх хувь тус бүр ижил хүчинтэй байна.

Мэдээ мэдээлэл